2025.02.03 - 2025.02.07

ОНЦЛОХ ИШЛЭЛ

"Амжилтад хүрэх нууц бол нийтлэг зүйлийг ер бусын сайн хийх явдал юм."

- Жон Д. Рокфеллер

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 52,610.53 нэгжид хүрч 0.51 хувийн өсөлттэй хаагдлаа. 
  2. Эдийн засгийн сэргэлт, өсөлттэй холбоотой дотоод эрэлт, цалингийн өсөлтийн нөлөөгөөр үйлчилгээ, түрээс, импортын барааны үнэ өндөр өсөлттэй байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчийн цахилгааны тарифыг 2024 оны 11 сарын 15-ны өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн билээ. Цахилгааны дундаж тариф 30 орчим хувь өссөн нь зах зээл дээрх бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээний суурь зардлыг нэмэгдүүлж байна. Тиймээс, Монгол улсын инфляцын түвшин эргэн өсөж 10 хувиас дээш гарж болзошгүй байна.
  3. Монгол улсын зорилтот инфляцын түвшин 6 хувь +-2 хувийн интервал билээ. Гэвч суурь нөхцөлүүдийг харгалзан үзвэл инфляцын түвшин эргэн өсөж хоёр оронтой тоонд хүрэх магадлал өндөр байна. Бидний хувьд ойрын 2 жилийн хугацаанд төв банкны бодлогын хүү өндөр түвшинд удаан хугацаанд хадгалагдах төлөвтэй гэж тооцоолж байна.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. АНУ-ын хувьцааны зах зээлийн голлох индексүүд бага хэмжээний уналттай буюу харьцангуй тогтвортой байлаа. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексик, Канадын импортод 25 хувийн тариф, БНХАУ-ын импортод 10 хувийн тарифыг ногдуулна гэж мэдэгдсэн нь 7 хоногийн эхэнд хувьцааны зах зээлд хүчтэй нөлөөлсөн боловч Даваа гарагийн орой Ерөнхийлөгч Дональд Трамп Мексик болон Канадын тарифыг 30 хоногоор хойшлуулсан нь зах зээлд эергээр нөлөөллөө.
  2. АНУ-ын эдийн засагт 2025 оны 1-р сард 143,000 ажлын байр шинээр нэмэгдсэн бөгөөд энэ нь өмнөх сарын 307,000 ажлын байрнаас эрс багассан үзүүлэлт ба эдийн засагчдын 169,000 ажлын байрны таамгаас доогуур боллоо. Гэсэн хэдий ч ажилгүйдлийн түвшин хүлээлтээс гэнэт буурч, 4.1 хувиас 4.0 хувьд хүрлээ.
  3. ISM-ийн үйлчилгээний PMI индекс нь 52.8 болж, өнгөрсөн сараас бага зэрэг буурсан ч өсөлтийн түвшинд хадгалагдсан үзүүлэлттэй гарлаа. АНУ-ын болзошгүй тарифууд нь АНУ-ын үйлдвэрлэлийн салбарын тогтвортой сэргэлтэд томоохон эрсдэл учруулах хүлээлттэй байна. (Жич: PMI 50-иас дээш  байх нь өсөлтийг илтгэнэ.)

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. АНУ-ын худалдааны бодлогын хурцадмал байдал харьцангуй намжсан нь Европын хувьцаанууд өсөлттэй байхад нөлөөллөө. Тодруулбал, Europe 600 индекс 0.60, FTSE 100 индекс 0.31 хувь тус тус өсөлттэй байлаа.
  2. Английн төв банк инфляцын түвшний өнөөгийн байдал болон цалингийн өсөлтийн хурд бууралттай байгааг харгалзан үзэж бодлогын хүүгээ 0.25 хувиар бууруулж 4.5 хувь болголоо. Мөнгөний бодлогын хороо гишүүд 7-2 саналын харьцаагаар тус шийдвэрийг гаргасан бөгөөд 2 гишүүн эдийн засгийн удаашрал хүлээлтээс хүнд байгааг онцолж 0.50 хувиар бууруулах саналыг дэмжсэн юм.
  3. Евро бүсийн 2025 оны 1-р сарын инфляцын түвшин 2.4 хувиас өсөж 2.5 хувьд хүрлээ. Харин хүнс, эрчим хүч, согтууруулах ундаа болон тамхины үнийг хасаж тооцсон суурь инфляцын түвшин 2.7 хувьд хэвээр хадгалагдлаа.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. Япон улсын төв банкны сүүлийн үеийн мөнгөний хумих бодлогын байр суурь бүхий мэдэгдлүүдийн улмаас тус улсын зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Nikkei 225 индекс 1.98 хувь, TOPIX индекс 1.84 хувийн тус тус уналттай байлаа. 
  2. Япон улсын төв банк инфляц болон цалин хөлсний өсөлт өндөр гарвал бодлогын хүүгээ дахин өсгөх төлөвлөгөөтэй байгаагаа онцолсон билээ. 2024 оны 12-р сарын тус улсын хөдөлмөрийн зах зээл дэх ажилчдын цалин жилийн өмнөх үеэс 4.8 хувь өсөлттэй гарсныг харгалзан үзвэл бодлогын хүүг дахин өсгөх магадлалтай байна.
  3. Япон улсын төв банк 2025 оны 1 сарын хуралдаанаар сүүлийн 1 жилийн дотор 3 дахь удаа бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн бөгөөд хуралдааны дүгнэлтэд бодлого тодорхойлогчид Япон улсын төв банк болон АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн мөнгөний бодлогын зөрүүтэй байдлыг онцолсон билээ. Тэгвэл төв банк хоорондын мөнгөний бодлогын зөрүүтэй байдал нь гадаад валютын зах зээлд ихээхэн хэлбэлзэл үүсгэж  байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. Сар шинийн баярын өдрүүдийг тохиолдуулан БНХАУ дахь эрэлт өссөнөөр тус улсын хувьцааны зах зээлийн голлох индексүүд өсөлттэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 1.63 хувь, CSI 300 индекс 1.98 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа. Тус улсын хувьцааны зах зээл баярын өдрүүдийг тохиолдуулан 1 сарын 28 - 2 сарын 4-ны хооронд амарсан юм.
  2. Сар шинийн баярын үеэрх аялал жуулчлал, жижиглэн худалдааны өсөлт нь дотоод зах зээлийн эрэлтийг нэмэгдүүллээ. Жишээлбэл, сар шинийн баярын өдрүүдэд дотоодын аяллын тоо 501 сая хүрч, өнгөрсөн жилийнхээс 5.9 хувиар нэмэгдсэн, дотоодын аялалд зарцуулсан нийт мөнгөн дүн 7 хувиар өсөж, 94.4 тэрбум ам.доллартой тэнцсэн гэж БНХАУ-ын Соёл, Аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.
  3. БНХАУ-ын үйлчилгээний Caixin General PMI 1-р  сард 51 нэгж болж, 12-р сарын 52.2-оос буурсан байна. (Жич: PMI 50-иас дээш  байх нь өсөлтийг илтгэнэ.)

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

Монгол улсын Засгийн газраас арилжаалсан эрсдэл бага ам.долларын бондуудын эзэмших хугацааны 1 жилийн өгөөж дуусах хугацаанаасаа хамаарч ам.долларын 6.02 хувиас 6.87 хувийн хооронд байна. Мөн Улаанбаатар хотын бондын өгөөж 6.87 хувь байна. 


Монгол улсаас олон улсын зах зээлд арилжаалсан компанийн бондуудын өгөөж 6.20 хувиас 10.61 хувийн хооронд арилжаалагдаж байна. 


Харилцагч та дараах бондууд болон АНУ-ын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах боломжтой.

Монгол Улсын ууган арилжааны банк Худалдаа Хөгжлийн Банк өнгөрсөн оны 12-р сард Олон Улсын зах зээл дээрээс 200.0 сая ам.долларын ээлжит бондыг амжилттай арилжаалсан билээ.


Тус банкны актив 2024 оны эцсийн байдлаар 15.0 их наяд төгрөгт хүрсэн бол ашигт ажиллагаа нь 300.0 тэрбум төгрөгт хүрч системийн нөлөө бүхий 5 банкны ашигт ажиллагааны 18 хувийг дангаар бүрдүүлж байна. Түүнчлэн 2024 оны эцсийн байдлаар тус банкны зах зээлийн үнэлгээ 1.27 их наяд төгрөг байгаа нь Монголын Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байгаа компаниуд дундаас эхний 3-т орох үзүүлэлт юм.


Харилцагч, хөрөнгө оруулагч та бүхэн дээрх ам.долларын бондод хөрөнгө оруулахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

Дэлгэрэнгүй

ОНЦЛОХ МЭДЭЭ

Монгол Улсын Засгийн газар S&P-ээс B+ (эерэг), Fitch-ээс B+ (тогтвортой), Moody’s-ээс B2 (тогтвортой) үнэлгээтэй Номад (MONGOL 26) болон Хүннү (MONGOL 28) бондыг худалдан авах тендер саналыг 2 сарын 10-ны өдөр буюу өнөөдөр зарлалаа.


Тендер санал дээр ажиллах дилер менежерүүдээр Credit Agricole CIB, Deutsche Bank, HSBC болон JPMorgan банкнууд тус тус томилогджээ. 


Монгол Улсын Засгийн газрын зүгээс тендер саналын нөхцөл байдлыг харгалзан үзэж тендер саналтай зэрэгцэн шинэ бонд гаргах төлөвтэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ

“ЛЭНДМН ББСБ” ХК 2024 ОНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

 2025.01.27


“ЛЭНД МН ББСБ" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 25/03 тоот тогтоолоор компанийн 2024 оны жилийн эцсийн цэвэр ашгийн 30.62 хувийг буюу 11,089,525,245 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэжээ.


Нэгж хувьцаанд 15 /арван таван/ төгрөгийн ногдол ашгийг олгох бөгөөд ҮЦТХТ ХХК-иар дамжуулан 2025 оны 04-р сарын 04-ний өдрийн дотор нийт хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.


Дэлгэрэнгүй

Товхимлыг бэлтгэсэн:

С. Зоригт /Дилер/


Мэдэгдэл: Энэхүү /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2024 © "Ти Ди Би Секьюритис ҮЦК" ХХК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

+976 7010-0261